Монголын шинжлэх ухаан, технологи
Mongolwiki.-ийн мэдээлэл
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭЭС
Шинжлэх ухааны анхны байгууллага болох “Судар бичгийн хүрээлэн” 1921 онд түүх, хэл, зохиол, газар зүйн тэнхимтэйгээр үндэсний түүх, хэл, зохиолыг судлах, судар, ном, гар бичмэл цуглуулах, байгаль, түүхийн дурсгалт зүйлийг бүртгэх, хамгаалах, ном, товхимол хэвлэх, хөрш болон гадаад бусад орны түүх, соёлыг судлах үндсэн үүрэгтэй байгуулагджээ.
Эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг цаашид мал аж ахуй, мал эмнэлэг,геологи, газар зүй, ургамал, амьтан, эдийн засгийн чиглэлээр өргөтгөн явуулах болсонтой холбогдуулан “Судар бичгийн хүрээлэн”-г 1930 онд “Шинжлэх ухааны хүрээлэн” болгон өргөтгөж зохион байгуулжээ.
Монгол улсад шинжлэх ухааны орчин үеийн салбарыг эхэлж хөгжүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэхэд ЗХУ-ын /хуучин нэрээр/ тусламж, мэргэжилтний оролцоотойгоор мал эмнэлэг- зоо техник, хүн эмнэлэг, багш нарын гэсэн З факультеттайгаар 1942 онд байгуулагдсан Монгол улсын Их сургууль чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Улс орны шинжлэх ухааныг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс 1957-1958 онд ШУ-ны хүрээлэнг МУИС-тай нэгтгэн Шинжлэх ухаан, дээд боловсролын хороо /хүрээлэн/ нэртэйгээр өөрчлөн зохион байгуулсан нь эрдэмтэн багш нарын хүч мэдлэг, шинжлэх ухааны салбарт бий болсон материаллаг баазыг зөв зохицуулж ашиглахад чухал нөлөө үзүүлсэн байна. Уг хорооны бүрэлдэхүүнд МУИС /1942 он/, Гэгээрлийн яамны Багшийн дээд сургууль /1951 он/, ХАА-н яамны ХАА-н дээд сургууль /1958 он/, Төлөвлөгөөний комиссын эдийн засгийн дээд сургууль /1959 он/, Анагаах ухааны дээд сургууль /1961 он/ багтаж байжээ.
Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагуудыг 1944-1968 онд Шинжлэх ухааны хүрээлэн, ШУА, 1969-1971 онд ХААЯ, 1972-1982, 1987 оноос ХААЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагуудыг хөдөө аж ахуйн Их сургуультай нэгтгэн ШУБЯ ба ХХААЯ-ны давхар харъяалалд оруулж ХААИС гэж нэрлэх болсон.
Шинжлэх ухааны байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх талаар энэ хугацаанд багагүй ахиц гарсан байна. Тухайлбал, 1951 онд эрдэм шинжилгээний номын сангийн барилга, 1957 онд улсын төв музейн барилга ашиглалтанд орж 1957 оноос Хүрэл тогоот дахь Одон орныг судлах оргилын барилгыг барьж эхэлсэн байна.
Мөн 1959-1960 онд байгаль нийгэм, хөдөө аж ахуйн анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллагын нэгжүүд байгуулагдаж эхэлсэн байна. Энэ үед астрофизик, астрометр, цөмийн физик, геофизикийн чиглэлээр судалгаа эхэлсэн байна.
Шинжлэх ухааны төрөл бүрийн салбарт гадаадын болон өөрийн орны их, дээд сургуулиудад бэлтгэсэн боловсон хүчний тооны өсөлт, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн шаардлага, дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг эх үндэс болгон 1961 онд ШУ, Дээд боловсролын хүрээлэнг өргөтгөн БНМАУ-ын ШУА байгуулсан нь шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд шинэ үе шат болсон юм.
ШУА-ийн харьяанд анх хөдөө аж ахуй, анагаах ухаан, түүх, хэл зохиол, байгалийн ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд багтаж байв. Шинжлэх ухааныг хөгжүүлэх тууштай арга хэмжээний үр дүнд Газар зүй, цэвдэг судлал /1962/, Ерөнхий ба сорилын биологи /1965/, Хими /1969/, Физик-математик /1968/-ийн хүрээлэн, Дорно дахины судлалын тасаг /1968/, Ботаникийн төв цэцэрлэг /1964/ зэрэг нэгжүүд, Анагаах ухааны дээд сургууль 1961/, Барилга шинжилгээний институт /1965/ байгуулжээ.
Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог цаашид сайжруулах зорилгоор МАХН-ын төв хорооны 1968 оны тогтоолоор ХАА-н хүрээлэнг ХАА-н яамны,
Анагаах ухааны хүрээлэнг Эрүүл мэндийн яамны, бүх музейг Соёлын яамны харьяалалд тус тус шилжүүлсэн байна.
ШУА-ийн ба салбарын шинжлэх ухааны байгууллага, Их, дээд сургуулиудад явуулж байгаа эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, зохицуулах зорилгоор 1962 онд ШУА-ийн дэргэд эрдэм шинжилгээний ажлыг зохицуулах зөвлөл байгуулж, 1966 оноос СнЗ-ийн дэргэд болгон өөрчилжээ.
Түүнчлэн шинжлэх ухааны дорвитой, чухал асуудлыг орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн түвшинд шийдвэрлэсэн, эрдэм шинжилгээний бие даасан бүтээл гаргасан хүмүүст эрдмийн зэрэг, цол олгох ажлыг удирдан зохион байгуулах зорилгоор 1973 онд СнЗ-ийн дэргэд эрдмийн зэрэг цол олгох дээд комиссыг байгуулж, 1992 оноос ШУБЯ-ны харьяа эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөл болгон зохион байгуулсан байна.
БНМАУ-ын СнЗ-ийн 1974 оны тогтоолоор ШУА-ийн дүрмийг баталж ШУА-ийн гишүүдийг сонгох, байгаль, физик, математик, хими, нийгмийн шинжлэх ухааны салбарыг зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.
ШУА-ийн ба салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудад хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зохицуулалтыг сайжруулах ялангуяа салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор СнЗ-ийн дэргэдэх эрдэм шинжилгээний ажлын зохицуулах комиссыг 1971 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороо /ШУТУХ/ болгон өөрчилж зохион байгуулсан нь шинжлэх ухааны удирдлагын түүхэнд шинэ үе нээсэн гэж үзэж болно. ШУТУХ нь эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, тайлагналтын журмыг боловсронгуй болгох, шинжлэх ухааны мэдээллийн хангамжийг сайжруулах, тус улсын шинжлэх ухаан, техникийн хөгжлийн үндсэн чиглэл, хэтийн төсөөлөл, урт богино хугацааны зорилтот, цогцолбор хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг хариуцан шийдвэрлэж байсан.
Энэ үед философи, социологийн, эрхийн хүрээлэн /1972/, физик, техникийн хүрээлэн /1973/, математикийн хүрээлэн /1973/, ой агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэн /1973/, геологи хайгуул, эрдэс түүхий эдийн үйлдвэр-шинжилгээний институт /1974/, тээврийн эрдэм шинжилгээний институт, аймгуудад газар хөдлөлтийг судлах эрдэм шинжилгээний байгууллага, түүнийг түшиглэх цэгүүд болон туршлагын бааз байгуулах, бэхжүүлэх талаар багагүй анхаарчээ.
Мөн техник технологийн чиглэлээр судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагуудын сүлжээ бүрэлдэн тогтжээ.
Тухайлбал, Хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэн /1971/, Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн /1971/, Геологи эрдэс баялгийн хүрээлэн /1971/, Металл боловсруулах, машины үйлдвэрийн эрдэм шинжилгээний төв /1971/, Зам гүүрийн зураг төсөл үйлдвэрлэлийн шинжилгээний хүрээлэн /1981/, Цутгуурийн төв лаборатори /1989/, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн /1989/, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн /1989/, Барилгын ул хөрс, суурь байгуулалтын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл /1991/ зэрэг шинжлэх ухааны хүрээлэн, төвүүд байгуулагджээ.
Салбарын эрдэм шинжилгээний байгууллагаас гадна судалгааны ажлыг бүс нутгийн онцлогийг судлахад чиглүүлэн зохион байгуулж эхэлсэн байна. Тухайлбал 1987 онд МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн хамтарсан тогтоолоор Дорнод аймагт дорнод бүсийн ХАА-н, Өмнөговьд, Говийн бүсийн бэлчээрийн МАА-н, Ховдод Алтайн бүсийн ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд байгуулагджээ.
Нийгмийн хэрэгцээ, ШУ, техникийн дэвшлийн шаардлага, үйлдвэрлэлийн техник технологийн бодит бололцоонд үндэслэн бүтээгдэхүүний техник-эдийн засгийн болон чанарын үзүүлэлтийг иж бүрэн стандартчилах, үнэ, стандартчилал, хэмжүүрийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор СнЗ-ийн дэргэд Үнэ стандартын улсын хороог 1975 онд байгуулжээ.
Шинжлэх ухаан, техникийн улсын хороог 1987 онд ШУТ, Дээд боловсролын улсын хороо, 1989 онд Техникийн дэвшил, стандартчилалын улсын хороо, 1990 онд нийгэм, эдийн засгийн улсын хороотой нийлүүлэн Үндэсний хөгжлийн яам болгон шинжлэх ухааны төлөвлөлт санхүүжилтийн асуудлыг уг яамны Шинжлэх ухааны зөвлөлд хариуцуулан зохион байгуулсан байна.
1990 оноос Их сургуулиудын бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт орж тэдгээрийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүд байгуулагдсанаас гадна хувийн их, дээд сургуулиуд байгуулагджээ.
Шинжлэх ухааны төлөвлөлт, удирдлагын системийг цаашид өөрчилж эдгээр асуудлыг 1992 оноос эхлэн ШУБЯ-ны ШУТ-ийн бодлогын газарт, 1996 оноос Гэгээрлийн яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газарт, 2000 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газарт, 2005 оноос Шинжлэх ухаан, технологийн газарт тус хариуцуулсан байна.
Засгийн газрын 1993 оны 192-р тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, Шинжлэх ухаан, технологийн сан байгуулагдсан
Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор шинжлэх ухааны байгууллагуудын бүтцэд томоохон өөрчлөлт хийгдлээ. Эрдэм шинжилгээний 72 байгууллага, нэгжийг их, дээд сургууль, Шинжлэх ухааны Академи болон зарим яамдын харъяалалд шилжүүлэн улсын хэмжээний 22 хүрээлэн, төвд нэгтгэж, салбарын эрдэм шинжилгээний 17 байгууллагыг "судалгаа-туршилт-үйлдвэрлэл-бизнес"-ийн 8 корпораци болгон зохион байгуулснаар боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хоорондын уялдаа холбоог сайжруулж, зах зээлийн илүү мэдрэмжтэй болгоход чухал алхам болсон гэж үзэж байна.
Шинжлэх ухааны эрх зүйн орчин сайжирч “Шинжлэх ухаан технологийн тухай хууль”, “Технологи дамжуулах тухай хууль”, “ШУА-ийн Эрхзүйн байдлын тухай хууль”, “Патентын тухай хууль”, “Шинжлэх ухаан технологийн талаар төрөөс баримтлах бодлого” зэрэг хууль, бодлогын зарим баримт бичгийг хэрэгжүүлж байна.