Хүнд үйлдвэр
Mongolwiki.-ийн мэдээлэл
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2006 онд (2000 оны зэрэгцүүлэх үнээр) 889.0 тэрбум төгрөг болж, 2005 оныхоос 73.9 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар өссөн байна. 2005 онтой харьцуулахад 2006 онд эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжүүр, хараа зүйн хэрэгсэл, цаг үйлдвэрлэл, металлын хүдэр олборлолт, нүүрс олборлолт, цахилгаан дулаан, уур үйлдвэрлэл, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, бусад ашигт малтмал олборлолт, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, төмрийн үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, нэхмэлийн үйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, мебель тавилга үйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл 0.3 хувиас 4.8 дахин өсч; харин ус ариутгал, усан хангамж, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл, тамхи үйлдвэрлэл, мод, модон эдлэл үйлдвэрлэл, кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт, резин болон хуванцар бүтээгдэхүүн зэрэг салбаруудын үйлдвэрлэл 3.4-44.5 хувь буурсан байна.
Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бүтээгдэхүүнийг 2005 онтой харьцуулбал 63.5 хувийнх нь үйлдвэрлэл өсч, 36.5 хувийнх нь үйлдвэрлэл буурчээ. 2006 оныг 2005 онтой харьцуулахад аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан, нүүрс, газрын тос, зэсийн баяжмал металл агуулгаараа, молибдений баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмал, гянтболдын баяжмал, өлөн гэдэс, малын тэжээл, нарийн боов, гоймон, спирт, архи, дарс, хивс, сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, угаасан ноос, тэмээний ноосон хөнжил, барилгын хаалга, цонх, тарилгын эм, шахмал эм, шингэн эм, цемент, улаан тоосго, цул бетон, бетон зуурмаг, катодын зэс, металл бэлдэц, металл цувимал, нэг удаагийн тариур зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр өсч; харин түгээсэн цэвэр ус, алт, хиамны зүйл, талх, чихэр, жигнэмэг, хүнсний давс, пиво, амтат ус, ундаа, ээрсэн утас, эсгий, төмөр замын дэр мод, сонин, ном, шохой, бетон дэр зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2006 онд 2093.0 тэрбум төгрөгийн (оны үнээр) бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав. Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдаж байгаа нийт аж ахуйн нэгжийн 18.1 хувь нь уул уурхай, олборлох аж үйлдвэрт, 69.2 хувь нь боловсруулах аж үйлдвэрт, 12.7 хувь нь цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт хамрагдаж байна. 2006 онд 146 аж ахуйн нэгж шинээр мэдээнд хамрагдсан байна.